Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

       

Тус аймгийн шүүхийн түүхэн хөгжил 1975 онд анх Булган аймгийн шүүхийн харъяа хотын шүүх нэртэйгээр байгуулагдсан үеэс эхтэй.

1975 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн шүүхийн дарга Н.Хастын 13 дугаар тушаалаар Эрдэнэт хотын шүүхийн даргаар Ч.Жадамбаа, шүүгчээр Д.Цэндсүрэн, бичээчээр Н.Бадам нар томилогдон ажилласан байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын чанартай “Эрдэнэт” хот болгон зохион байгуулсан бөгөөд мөн оны 2 дугаар сарын 3-ны өдөр Эрдэнэт хотын шүүх байгуулах тухай 25 дугаар зарлигийг гаргасан юм. Үүний дагуу 1976 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болсон Эрдэнэт хотын Ардын  Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар хотын шүүхийг сонгон байгуулжээ.

Хотын шүүхийн анхны даргаар Ч.Жадамбаа ажиллаж байв. Тухайн үед шүүх нь дарга, хэсгийн шүүгч, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч гэсэн 5 орон тоотойгоор байгуулагдаж ажлаа эхэлсэн түүхтэй.

Тухайн үеийн хотын шүүхийн бүрэлдэхүүнд ардын хэсгийн 3 шүүх ажиллаж, хэсгийн 1 дүгээр шүүх Баян-Өндөр хороог, 2 дугаар шүүх Найрамдал хороог тус тус хариуцан төвдөө суурин ажиллаж, 3 дугаар шүүх Хялганат, Жаргалант хороог хариуцан  нүүдэллэн ажиллаж байлаа.

Хотын шүүхэд 1974 оноос хэсгийн ардын шүүхийн шүүгчээр Д.Цэндсүрэн, Т.Долгорсүрэн, Л.Баяраа, С.Батдэлгэр, Н.Энхтуяа, Ж.Энхтуяа, А.Оюунчимэг, Л.Бямбажав, тогтоол гүйцэтгэгчээр Л.Рэгзэдмаа, Л.Шагдар, С.Гомбодорж нар үр бүтээлтэй ажиллаж байсан билээ.

1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан “Шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу Орхон аймагт давж заалдах шатны болон сум дундын шүүх байгуулагдсан юм. Мөн онд аймгийн давж заалдах шатны шүүхэд 4 шүүгч, сум дундын шүүхэд 6 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдон ажиллах болжээ.

Улсын Их Хурлаас “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулийг батлан гаргаж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр тус аймагт захиргааны хэргийн шүүх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Сум дундын 14 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 11 дүгээр шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.

Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар  Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах болсон.

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 164 дугаар зарлигаар Б.Баттөр “Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”-ийн ерөнхий шүүгчээр, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зарлигаар С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарыг "Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх"-ийн шүүгчийн албан тушаалд томилсон. Тус шүүхийн шүүгчийн туслахаар Х.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Сүхбаатар нар ажиллаж байна.

 

 

 

 

ОРХОН АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Хэрэгцээт веб линк

  Байршил

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00