Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-шүүх эрх мэдэл” уулзалт боллоо

Сэтгүүлчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим шүүгч, судлаачидтай өчигдөр (2019.09.04) уулзаж "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-шүүх эрх мэдэл” сэдвээр мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хамрагдаж шүүхийн эрх зүйгээр мэргэшсэн сэтгүүлчид нэгдэж "Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрх чөлөө” ТББ байгуулсан. Тус байгууллагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд хандан "УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа цаг үед шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтийн талаар олон эх сурвалжтай уулзаж санал солилцох хүсэлтэй байна” гэсэн утга бүхий албан бичгийн ирүүлсэн.

Сэтгүүлчдийн хүсэлтийн дагуу Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Э.Батбаяр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, судлаач О.Мөнхсайхан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд, А.Отгонцэцэг, Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-ийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн шүүгч С.Базарханд нарыг урьж уулзалт зохион байгуулсан юм.


“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-шүүх эрх мэдэл” уулзалт боллоо

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, судлаач О.Мөнхсайхан "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх явцад шүүхийн тухай гурван заалтыг авах санал гарч Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. ТББХ-ноос дэмжээд байгаа шүүхийн талаарх гурван сайн заалтыг батлуулах нь огт юу ч батлуулахгүй байснаас хамаагүй дээр юм” гэлээ.

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-шүүх эрх мэдэл” уулзалт боллоо


“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-шүүх эрх мэдэл” уулзалт боллоо

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ТББХ-ноос дэмжсэн гурван заалтын тухайд, 49.5. "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно”, 49.6 "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно”, 48.1 "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэжээ.

Уулзалтын үеэр сэтгүүлчид шүүгчийн томилгооны асуудлыг нэлээд хөндсөн. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Дэлхийн жишигт шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Энэ нь хараат бус байдлын хамгийн том баталгаа болдог. Хамгийн дээд албан тушаалтнаар, хамгийн олон мандаттай хүнээр шүүгчийг томилуулна гэдэг хардалтаас илүү ач холбогдолтой” гэсэн юм. Мөн тэрбээр ТББХ-ны дэмжсэн гурван саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-шүүх эрх мэдэл” уулзалт боллоо

Шүүгчдийн тухайд шүүхийн ачаалал их байгааг онцлоод дагнасан буюу тойргийн шүүх байгуулах саналыг дэмжиж байгаагаа хэлсэн.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс гадна сэтгүүлчид шүүгчийн хараат бус байдал хэрхэн хангагдаж байгаа талаар, зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон шүүгчдийн байр суурийг сонслоо.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00