Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Тайваньд туршлага судалсан шүүгчийн тэмдэглэл

Тайваньд туршлага судалсан шүүгчийн тэмдэглэл

Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайваний Шүүхийн ерөнхий газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Тайваний шүүгчдийн академид туршлага солилцох 14 дэх удаагийн сургалт 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 6-ыг хүртэл үргэлжилсэн.

Онлайн хэрэг мэдүүлэх систем болон цахим лавлагаа, шүүхээс олон нийттэй хэрхэн харилцаж, хамтран ажилладаг, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд явуулж буй Тайваний шүүхийн бодлого, үйл ажиллагааны талаар туршлага судалсан шүүгчид тайлангаа бэлтгэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэгийн бэлтгэсэн тэмдэглэлийг тоймлон хүргэж байна.

 Тайваньд туршлага судалсан шүүгчийн тэмдэглэл

Шүүхэд мэдүүлэх цахим систем

Тайваний Шүүхийн ерөнхий газар цахимаар шүүхэд гомдол хүлээн авах системийг байгуулах шийдвэр 2012 оны 12 дугаар сарын 12-нд гаргажээ. Улмаар 2015 онд Оюуны өмчийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, Татварын шүүхэд, 2016 онд Иргэний хэргийн шүүхэд, 2017 оноос Оюуны өмчийн болон татварын хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус цахимаар гомдол хүлээн авч шийдвэрлэдэг болсон байна.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хуулиуддаа цахимаар хэрхэн гомдол гаргах түүнийг хүлээн авах тухай өөрчлөлтүүдийг УИХ-аараа батлуулсан. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг батлуулсан аж.

Иргэний болон Хүүхэд гэр бүлийн шүүхэд гомдол хүлээн авахдаа гомдол гаргагчийн хүсэлтийг харгалзан хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, бичгээр гомдол гаргах нь тухайн этгээдийн эрхийн асуудал хэмээн хэвээр үлдээсэн байна.

Эхний ээлжид төрийн байгууллага хариуцагч байхаар шүүхүүдийг сонгон авсан нь техник тоног төхөөрөмжөөр дурдсан байгууллагууд хангагдсан байдаг давуу талыг ашиглажээ.

Иргэн бол иргэний үнэмлэх, хурууны хээгээр, хуулийн этгээд бол регистрийн дугаараа шүүхийн цахимаар гомдол хүлээн авах системд нэвтрэн нэхэмжлэлээ гаргадаг ба тус системээс гомдол гаргагчид тусгай кодыг өгдөг. Энэ кодоор уг системд нэвтрэн өөрийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт холбогдох материалыг оруулдаг аж.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан материалыг хуулбарлан боловсруулдаг өндөр хурдны сканерын төвийг 2014 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2015 оны 05-р сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 үе шаттайгаар байгуулан, 2016 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ.

Сканерын төв нь гар ажиллагаанаас 15 дахин хурдтай байна гэсэн судалгаа гарсан байна.

2017 оны 7-р сарын 17-ны өдрөөс хавтаст хэргийг цахимаар аттач /attach/-лж хадгалах боломжтой болсон.

2019 оны 08–р сарын 31-ний өдрөөс шүүхийн гүйцэтгэх хуудас автоматаар шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хүргэгддэг боллоо.

Тайвань 2009 оноос технологийн /цахим тоног төхөөрөмжөөр хангах/ шүүх /Е-court/болгох төсөл хэрэгжүүлсэн.

Шүүх хуралдааны бүхий л үйл явцыг видео бичлэгээр бичин хадгалах, зайнаас хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах зэрэг боломжоор хангасан юм байна.

Тайваний шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулах, тэднийг хөгжүүлэх мэргэжлийг дээшлүүлэх талаар

Шүүгчийг сонгохдоо:

- Сонгон шалгаруулалтаар /шалгалтаар/

- Прокуророос шүүгч рүү шилжүүлэх замаар

- Хуульчаас/өмгөөлөгч/ шүүгч рүү шилжүүлэх замаар

- Эрдэмтэн судлаач мэргэжилтэн нараас

- Хууль сахиулахтөрийн албан хаагчдаас шилж сонгодог.

Тайваний шүүгчдийн 70 орчим хувь нь шалгалтаар, 26 хувь нь прокурор хуульчдаас, үлдэх хувь нь эрдэмтэн судлаачаас томилогдож байгаа ба аль болох шалгалт өгч шүүгч болох явдлыг багасгах бодлогыг барьж байгаа юм байна.

Прокурор, хуульчдаас шүүгчийг бүрдүүлэх бодлого барьж байгаа ч шүүгчийн ажлын ачаалал их, цалин хангамж бага байгаагаас амжилт муутай байдаг.

Шүүгчийн шалгалтыг Хууль зүйн яамны дэргэдэх хуульчийн сонгон шалгаруулах төвд авдаг бөгөөд Шүүгчдийн академи давтан сургалтыг хариуцдаг байна.

Шүүгчийн шалгалт өгөх шүүгч тодорхой хэмжээний цалин авч 2 жилийн хугацаагаар суралцдаг байна. Эхний үе шатанд лекц хэлбэрээр 15 долоо хоног буюу 105 хоног, 2 дахь үе шатанд группээр буюу дангаараа шүүхүүдэд дадлага хийх замаар 55 долоо хоног буюу 385 хоног, 3 дугаар үе шатанд 5 долоо хоног буюу 35 хоног нэгдсэн ярилцлага, шалгалт өгөх сургалт явагдаг юм байна.

Шүүгч бүр доод тал нь жилд 40 цагийн сургалтад хамрагдсан байх ёстой, энэ сургалтыг зайн сургалтаар хангаж болно.

Тасралтгүй 7 жил ажилласан шүүгч суралцах хүсэлтээ ШЕГ-т гаргах ёстой бөгөөд цалингаа бүтэн авч 6 сар суралцах эрхтэй байдаг.

Тайваньд орон нутгийн 1542, 2 дахь шатны 505, дээд шатны 80 нийт 2127 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 1060 нь эмэгтэй шүүгч юм байна.

Тайваньд туршлага судалсан шүүгчийн тэмдэглэл

Шүүхийнхээ талаар хэрхэн PR хийж байна вэ?

Тайваньд шүүхэд итгэх иргэдийн итгэл 30-48 хувьтай байдаг юм байна.

Иймд шүүхийн тухай, шүүгчийн тухай хүмүүсийн ойлголтыг өөрчлөхийн тулд шүүгчид оролцсон 20 хүнтэй сурталчилгааны багийг байгуулан ажиллуулсан байна.

Ингээд энэ баг сошиалдшүүхийг сурталчлах групп нээн ажиллуулсан, зурагт тайлбар хийн сурталчилсан, видео сурталчилгаа, youtube-д хүүхэлдэй киногоор шүүхийн үйл ажиллагаа, хуулийг сурталчилсан жүжиглэсэн тоглолт гэх мэт олон нийтэд сурталчилж болох бүхий л сувгийг ашигласан. Мэдээж мэргэжлийн сайт ажиллуулсан. Хууль сурталчилгааны шугам ажиллуулсан.

Боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж сургалтын хөтөлбөрт шүүхийг сурталчлах цаг оруулж, багш нарт нь сургалт явуулдаг юм байна.

Хүүхэлдэйн киногоор шүүхийг сурталчлахдаа хүүхэлдэйн киноны мэргэжлийн хүмүүстэй хамтрах нь зүйтэй.

Мэдээллийг боловсруулахдаа мэргэжлийн маш өндөр түвшинд хийх ёстой. Бас шүүгчийн тухай баримтад кино хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан.

Одоо 5G сүлжээг ашиглах боломжийг хайж байна. Ер нь шинжлэх ухааны ололтыг сурталчилгаандаа ашиглахыг эрмэлзэх ёстой.

Иргэдийн зэрэг зиндаа, нас хүйс, мэргэжлийн байдалд сурталчилгаагаа тохируулах учиртай.

Шүүхийн нэр хүндийг өсгөх нь хувь хүн, байгууллагын амбиц гэж үзэхээс илүү шүүх нийтийн шударга ёсыг тогтоодог тул эх орныхоо төлөө, үр хойчийнхоо сайн сайхны төлөөх үйл биш гэж үү.

Арилжааны /бизнесийн/ шүүх байгуулагдсан ба түүнийг дэмжиж байгаа нь

Тайваньд том хэмжээтэй арилжаа худалдааны шинжтэй гэмт хэргийг шийдвэрлэх шүүхийн ажиллагаа хангалтгүй, тухайлбал үнэт цаасны хөрөнгө оруулагч, фьючерсийн арилжаа эрхлэгчийн хохирлыг барагдуулах шийдвэрлэлт хангалтгүй байсан.

Иймд энэ талаар мэргэшсэн шүүх байгуулах шаардлага урган гарсан.

Ингээд 2015 оны 2-р сарын 13-ны өдөр ШЕГ-аас арилжааны шүүх байгуулах бүлгийг байгуулсан ба АНУ, Япон, Голланд, Дани улсад судлаач явуулж туршлага судлуулсан байна.

ШЕГ-аас судалгаанд үндэслэн Арилжааны шүүх байгуулахад шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллын асуудал, хэргийг хэдэн шатаар /2 эсвэл 3/ шийдвэрлэх, шүүгчийг яаж шилж сонгох, тэднийг хэрхэн мэргэшүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.

2017 он 6 дугаар сарын 22-ны өдөр ШЕГ-аас 6 дахь удаагийн хуралдааныг зарлан хуралдуулж Арилжааны шүүхийг Оюуны өмчийн шүүхтэй нэгтгэн байгуулж, 2 шаттайгаар шийдвэрлэдэг, шүүгчдийн тоо 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн байна.

2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ШЕГ арилжааны хэргийг хянан шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулах бүлгийг байгуулан улмаар 49 заалт бүхий хуулийн төслийг боловсруулсанбайна.

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцэн батлах гэж байгаа юм байна.

Тайваний шүүхийн хүний нөөцийн систем

Тайваний Үндсэн хуулийн 80 дугаар зүйлд " Шүүгч нь улс төрийн намаас ангид байхаас гадна, хуулийн дагуу бие даасан хараат бус, шүүх аливаа нөлөөнд автах ёсгүй” мөн хуулийн 81-р зүйлд Шүүгч нь хугацаагүй томилогдох ба эрүүгийн хэрэг болон ёс зүйн гэмт хэрэгт холбогдон албан тушаалаас нь огцруулсныг зарлахаас нааш албан тушаалаас чөлөөлж болохгүй. Хуулийн үндэслэлгүйгээр албан үүргээс чөлөөлөх, шилжүүлэх цалин, тэтгэмжийг буруулж болохгүй” гэж заасан байдаг.

Тайваньд 2012 оноос өмнө буюу Шүүгчийн тухай хууль батлагдахаас өмнө шүүгчийн эрх байдалтай холбоотой асуудлыг 1998 онд батлагдсан Төрийн албан хаагчийн тухай хуулиар зохицуулдаг байжээ.

2012 онд батлагдсан хуулиар шүүгчийн томилгоо, шүүгчийг шилжүүлэн ажиллуулах, шүүгчийн ёс зүй, шүүгчийн мэргэжлийн хяналт, шүүгчийн ажлын үнэлгээ, шагнал урамшуулал, шүүгчийн эрх зүйн болон эдийн засгийн баталгаа, цалин тэтгэвэр, шүүгчийн мэргэжлийн танхим, шүүгчдийн хуралдааны ажиллах журам, шүүгчийн сургалт болон түр чөлөөний асуудлыг зохицуулсан байдаг.

Шүүгчдийг

1.Шүүгчийн онцгой шалгалтаар орж хуваарилагдах.

2.Прокуророос шилжин ирэх,

3.Хуульчдаас шилж олох,

а/ ШЕГ-аас зохион байгуулдаг нээлттэй шүүгч элсүүлэх

б/ Өөрийн нь хүсэлт, хийсэн бүтээлээр, бичсэн ном, судалгааны ажлаа хянуулах замаар

в/Туршлагатай сайн хуульчийг Хууль зүйн яамнаас санал болгосноор

4.Улсын өмгөөлөгч болон бусад төрийн албан хаагч нараас шилжин ирэх

5.Судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнаас шилжин ирэх замаар бүрдүүлдэг байна.

 

2019 онд Тайваньд 84 шүүгч томилогдсоноос 56 шүүгч нь шүүгчийн онцгой шалгалтаар, 19 шүүгч нь прокуророос, 8 нь бусад хуульчдаас 1 шүүгч нь өмгөөлөгчөөс шилжин ирсэн байна.

Шүүгчийн шүүгчийн шалгалтад тэнцсэн хүн 2 жил суралцаад дахин шалгалт өгч шалгалтын онооны байдлаар шүүгч, эсвэл прокурор болдог. Шүүгчээр томилогдоод бие даан хэрэг шийдвэрлэхгүй 5 жил бүрэлдэхүүний шүүгчээр ажиллаж байгаад дахин шалгалт өгч шүүгчээр бүрэн томилогддог. Ингэж томилохдоо шүүгчийг бүх насаар нь томилдог.

Шүүгч тэтгэврийн насанд хүрээд 15 жил шүүгчээр ажиллах эрхтэй байдаг бөгөөд шүүгчийг ажиллах чадваргүй болсон, 70 нас хүрсэн шүүгчийг шүүгчээр ажиллуулахгүй боловч судалгааны ажилд оролцуулдаг байна.

Тайваньд 2019 оны 10-р сарын байдлаар ерөнхий шүүгч 36, танхимын тэргүүн шүүгч 272, шүүгч 1815, нийт 2123 шүүгч ажиллаж байна.

Тайваний ШЕГ нь шүүгчийн хүний нөөцийн асуудлаар Хүний нөөцийн хороо, Шүүгч сонгон шалгаруулах хороо, Шүүгчийн үнэлгээний хороо, Мэргэжлийн танхим гэсэн салбар нэгжээс бүрддэг байна. Энэ салбар нэгжийн ажил үүргийн талаар товч дурдвал:

Шүүхийн хүний нөөцийн хороо.

ШЕГ-ын дарга ахалж, ШЕГ-ын даргын томилсон 11 шүүгч, шүүгчийн сонгуулийн 12 төлөөлөгч болон З судлаач, мэргэжилтнээс бүрдэнэ.

ШЕГ-ын даргын нэр дэвшүүлсэн шүүгчдэд хорооны гишүүд санал өгч шийдвэрлэнэ.

Тус хороо нь дараах ажил үүрэгтэй

Шүүгчээр томилох болон гаргасан шийдвэрээ цуцлах. Тухайлбал шинээр шүүгч болох, шүүгч эрхээ дахин сэргээх болон шүүгчээс чөлөөлөх

Шүүгч биш албан хаагчаас шилжин ирэгсдийг шүүгч болгох

Шүүгчээс чөлөөлөх, халах. Нөөцийн болон туршилтын шүүгч нь 2 удаа оноо хүрэхгүй тэнцээгүй бол шүүгчээс чөлөөлдөг

Шүүгчийг сэлгэн ажиллуулах. Шүүгчийн хариуцсан дүүрэг газрыг солих, дэвшүүлэн томилох, шүүх болон танхимын тэргүүнээр сонгох болон чөлөөлөх

Нөөцийн болон, туршилтын шүүгчийн ажил үүргийн оноог болон шүүгчийн шалгалтыноноог дүгнэх

Шүүгчийг шагнах болон хариуцлага хүлээлгэх

Шүүгчид тавигдах мэргэжлийн шаардлагыг шалгах тусгай мэргэжлийн гэрчилгээ болон шүүгчээс мэргэжлийн шүүгч болох

Шүүхийн үнэлгээний хороо

Шүүхийн үнэлгээний хороо нь 3 шүүгч, 1 прокурор, 3 өмгөөлөгч, 4 судлаач болон нийгмийн шударга ёс сахиулагчаас бүрдэнэ.

Үнэлгээний хороонд шүүгчид үнэлгээ хийлгүүлэхээр дараах хүмүүс хандах эрхтэй.

Шүүгчийн харьяа байгууллагаас 3 дээш шүүгч

Үнэлгээнд орж байгаа шүүгчийн харьяа байгууллага эсвэл дээд шатныбайгууллага, эсвэл харьяалагдах шүүхийн прокурорын газар.

Үнэлгээнд орж байгаа шүүгчийн харьяа хуульчдын холбоо эсвэл улсын хэмжээний хуульчдын холбоо.

Тодорхой шалгуурт тэнцсэн сан, эсвэл олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой сан, эрх бүхий байгууллага нь хэргийн үнэлгээ авах хүсэлт гаргаж болно.

Хэргийн холбогдогч шууд шүүгчийг үнэлгээнд оруулах хүсэлт гаргах эрхгүй, зайлшгүй тохиолдолд дээр дурдсан байгууллагаар дамжуулан хүсэлт гаргана.

Жич: 2020 оны 7-р сарын 17-ноос хэрэгжиж эхлэх хуульд нэхэмжлэгч шүүгчийг үнэлэх хүсэлтээ шууд гаргаж болохоор хуульчилсан байгаа.

Шүүхийн үнэлгээний хороо шүүгчийн тухай үнэлгээ хийж дараах шийдвэр гаргана. Үүнд:

Шүүгч нь сахилгын зөрчил гаргасан байна гэж үзвэл ШЕГ-аар хяналт шалгалтын газар хүргүүлэн шалгуулж сахилгын төрлийг санал болгоно.

Шүүгч нь сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзвэл ШЕГ-т мэдэгдэж тус газрын хүний нөөцийн хороонд хүргүүлж авах арга хэмжээг санал болгоно.

Тогтоол гаргахаас өмнө үнэлгээнд орсон шүүгч үнэлгээний материалтай танилцах боломжийг олгосон байх ёстой.

Шүүгчдийн үнэлгээний хороо нь заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, холбогдох хүн хороон дээр очиж байцаалтад тайлбар өгнө.

Үнэлгээний эрх бүхий хүн үнэлгээнд орж байгаа шүүгчийн тухай мэдээлэл болон үнэлгээний хорооны тогтоолыг зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

Шүүгчдийн үнэлгээний хороо нь хэдийгээр ШЕГ дээр байдаг боловч бүрэн бие даасан эрхтэй бөгөөд ШЕГ нь шаардлагатай мэдээллээр хангах ба үнэлгээний ажлын явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах эрхгүй байдаг. Шат шатны шүүхийн хамт олны ажлын үнэлгээний харьцуулалт. Тайваньд шүүгчдийн үнэлгээг 2013 оноос эхлэн, 3 жил тутамд нэг удаа явуулдаг болсон. Үнэлгээний хэсэгт шүүхийн ажлын гүйцэтгэл 50 хувь, захиргааны гүйцэтгэл 40 хувь, ерөнхий гүйцэтгэл 10 хувь байх шалгуурыг шаарддаг.

ШЕГ нь үнэлгээний жилийн өмнө бүрэн бүрэлдэхүүний ажлын агуулга болон үнэлгээ хийх аргын тайлбарыг шат шатны шүүхүүдэд хүргүүлнэ.

 

Шат шатны шүүхүүд үнэлгээний жилийн заагдсан хугацаанаас өмнө онооны мэдээллийг гаргаж өгөх ба, 
ШЕГ- ын харьяа байгууллагаас анхан шатны үнэлгээг хийж /үнэлгээний стандарт нь онц сайн, сайн, энгийн, өөрчлөх шаардлагатай/ шүүхийн бүрэн бүрэлдэхүүний үнэлгээний харьцуулалтын хурлыг хуралдуулж үр дүнг гаргаж үнэлгээг тогтоосны дараа нээлттэй болгож анхан болон дунд шатны шүүхийн ерөнхий шүүгч нарт ажил үүргийн үнэлгээний лавлагаа болох юм.

 

Шүүгчийн мэргэжлийн үнэлгээ

Жил бүрийн эцсээр явагдана. Гэвч онцгой шаардлага гарвал /ажлаас гарах эсвэл тэтгэвэрт суух гэх мэт/ тухай бүр шийдвэрлэнэ.

Үнэлгээний үр дүн онц сайн / нэгдүгээр зэрэг өгч урамшуулал өгдөг/, онц сайн үнэлгээнд хүрээгүй бол /зэрэг өгөхгүй урамшуулал олгохгүй/

4 жил дараалан онц сайн үнэлгээг авсан, ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй, сануулга авч байгаагүй бол 2-р зэрэг өгч урамшуулал олгоно.

Мэргэжлийн танхим

Шүүгчийн сахилга нь хянан шалгах газраар шалгагдсаны дараа 5 шүүгчийн бүрэлдэхүүн бүхий мэргэжлийн танхимд шилжүүлэгдэн хэлэлцэгдэнэ. Шүүгчийн үнэлгээний хорооны тогтоол болон шүүгчид ёс зүйн шийтгэл оногдуулах санал өгсний дараа мэргэжлийн танхимд ирж шийдвэрлэгддэг.

Мэргэжлийн танхимын ажил үүрэг

- Шүүгчийн ёс зүй зөрчсөн шүүгчийг шүүгчээс халах, төрийн алба эрхлэх эрхгүй болох, тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, бусад албанд шилжүүлэх, мөнгөн торгууль оногдуулах, хатуу зэмлэх шийтгэлийг ногдуулно.

-Шүүгчийн эрх хамгаалах асуудал болон ажил үүргийн хяналтанд гомдолтой асуудлуудыг шийдвэрлэнэ.

Мэргэжлийн танхим нь зөвхөн нэг шат нэг шийдвэртэй, амаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Шүүгчдийн мэргэжил дээшлүүлэх

Шүүгчдийн мэргэжил дээшлүүлэх эрх болон үүрэг нь:

Шүүгч нь жил бүр хамгийн багадаа ажлын байрны 40 цагийн сургалтанд хамрагдсан байх.

ШЕГ жил бүрийн төсөвт шат шатны шүүхийн шүүгчээс сонгогдсон шүүгчдийг улс дотор болон гадаад дахь мэргэжлийн сургалтад хамруулах зардлыг тусгасан байх ёстой.

Шүүгч нь тасралтгүй 7 жил тутамд албан үүргээ гүйцэтгэсний дараа цалинтай нэг жилийн сургалтад хамрагдахаар өргөдөл гаргах эрхтэй. Шүүгч нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ШЕГ-т сургуульд суралцах зөвшөөрөл болон гэрчлэх баримтыг гарган өгч зөвшөөрсний дараа албан үүрэг цалингаа түр зогсоохоор мэдүүлэг өгнө.

Зарчмын хувьд 3 жилийн хязгаартай. Энэ хязгаарлалт нь гадаадад суралцахад хамааралтай байдаг.

Шүүгчийн баталгаа

Тайваний Үндсэн хуулийн 81-р зүйлд үндэслэгдсэн Шүүгчийн хуульд шүүгчийг чөлөөлөх болон шүүгчээс түдгэлзүүлэх шалтгаануудыг зааж өгсөн байдаг. Жишээ нь:

Гэмт хэрэг үйлдэх, саатуулагдах, оюун санаа хэвийн биш болох г.м

-Хуулийн дагуу шүүгчээс түдгэлзүүлсэн бол цалингийн 1/З-г олгож амьдрах өртгөөр хангадаг. Энэ хангамж нь 3 жил байна.

-Шүүгчийн хуульд шүүгчийг хуульд заасан онцгой шалтгаанаас бусдаар шүүгчийн зөвшөөрөлгүйгээр өөр газар дүүрэгт шилжүүлэх болон зэрэг ахиулан сэлгээ хийж болохгүйг зааж өгсөн. /Онцгой шалтгаан гэдэгт шинээр шүүх байгуулах, ажил үүргийн байдлаас шалтгаалан шүүхүүдийг нэгтгэх г.м/

-Шүүгч нь 70 нас хүрсэн бол хэрэг хүлээн авч шийдэхээ зогсоох ба судалгаа хийх болон шүүхийн захиргааны бусад ажлыг хийж болох ба цалингийн 2/З-г олгоно.

Шүүгчдийн өөртөө засах байдал

Шүүх бүрд шүүгчдийн зөвлөгөөн байх ба хэрэг хариуцаж буй нийт шүүгчээс бүрдэж, шүүхийн ерөнхий шүүгч хурлыг тэргүүлнэ.

Шүүгчийн ажилласан жилтэй уялдуулан шийдвэрлэх хэргийг хуваарилах болон хамтарсан шүүх бүрэлдэхүүнийг тогтоохыг уг зөвлөгөөнөөр шийдэх ба тусдаа судалгааны баг судалж үзээд шүүгчдийн зөвлөгөөнд оруулна. Шүүхийн ерөнхий шүүгч шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл эргэн харах шаардлага тавьж болох ба хэрэв уг шийдвэр хэвээр байвал шүүгчийн мэргэжлийн танхимд хандаж хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлүүлдэг.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгчтэй холбогдох асуудлуудыг шийдвэрлэх ба шүүгчийг дэвшүүлэх, хяналтын хороо шийдвэр торгууль болон бусад шүүгчийн эрх үүрэгтэй нягт холбоотой асуудлуудыг шүүхийн ерөнхий шүүгчид санал оруулж шийдвэрлүүлнэ. Шүүхийн ерөнхий шүүгч дээрх асуудлуудаар санал оруулсныг хэлэлцэх хэрэггүй гэж үзвэл шалтгаанаа тайлбарлах ёстой.

Шүүгчийн хувийн сахилга бат

Шүүх бүр сахилгын хороо байгуулах ба Шүүгчийн сахилгын асуудлыг шийдвэрлэнэ. Шүүгчийн өндөр ёс суртахууныг хадгалах болон шүүгчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилготой. Зарчмын хувьд шүүгч нь ажил үүргээ зөрчсөн эсэх, шүүгчийн сэлгээг зөвшөөрч байгаа эсэх, шагнал зэмлэл гэх зэрэг нь эхлээд сахилгын хороогоор шалгагдсан байдаг.

Сахилгын хороо нь шүүх бүрийн ерөнхий шүүгч нь тэргүүлэн сахилгын дүгнэлтээр гарсан санал, анхааруулга, үнэлгээнд оруулахыг шаардах гэх зэрэг бусад асуудлыг шийдвэрлэнэ.

Сахилгын хорооны хурлын тэмдэглэл хийж дээд шатны шүүхийн холбогдох албанд мэдэгдэнэ. ШЕГ нь сахилгын хорооны шийдвэр тохиромжтой биш хэмээн үзвэл тухайн шүүхийн сахилгын хороог дахин хуралдуулж шийдвэрээ эргэн харах эсвэл өөр тохиромжтой арга хэмжээ авахыг шаарддаг.

Шүүгчийн ёс зүй болон хяналт

Шүүгчээр ажиллаж байх хугацаандаа улс төрийн нам. болон улс төрийн намын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

Шүүгч дараах ажлыг давхар хийж болохгүй. Үүнд :

-Олон нийтийн төлөөлөгч

-Байгууллагын хууль дүрэм, гомдол мэдүүлэх хорооны гишүүн

-Сургуулийн захирал, хянан шалгагч болон бусад хариуцлагатай ажил

-Шүүгчийн хараат бус шүүн шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхүйц болон мэргэжлийн ёс зүй, шүүгчийн нэр хүндэд харшлахуйц бусад ажил

Шүүгчид хараат бус шүүн шийдвэрлэх хүрээнд дэх хяналтыг шүүхийн ерөнхий шүүгч хэрэгжүүлнэ.

Шүүгчийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах, шүүгчийн зохисгүй үг хэллэг болон үйл хөдөлгөөнийг засах, шүүгч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад мөн хяналт тавина. Хэрэв ажил үүргийн хүрээнд шүүгч хууль зөрчсөн нь ноцтой бол шүүгчийн үнэлгээний хороонд өгч үнэлгээ гаргуулна.

Шүүгч нь хараат бусаар ажиллахад нь ерөнхий шүүгчээс ёс зүйн талаар тавих хяналт нь ажил үүрэгт нь нөлөөлөхөөр байвал шүүхэд үүргээ цуцлах хүсэлт гаргаж болно” гэжээ.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00