Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Ус ашиглагч усны нөөц ашигласны төлбөр төлөгч байна

 

Ус ашиглагч усны нөөц ашигласны төлбөр төлөгч байна

 

Шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, https://shuukh.mn/single_case/12134?daterange=2022-12-20%20-%202023-01-17&id=1&court_cat=3&bb=1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

            Орхон аймгийн Татварын хэлтэс болон Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “ЭУ” компанийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хамтарсан хяналт шалгалт явуулж, нөхөн ногдуулалтын актаар усны нөөц ашигласны төлбөр ногдох зүйлийн тоо хэмжээг багасгасан гэх үндэслэлээр 199,887,707.28 төгрөг /нөхөн татвар, торгууль, алданги/ төлүүлэхээр акт тогтоосон.

            Нэхэмжлэгчээс “орлого болоогүй, хэрэглэгчдэд борлуулаагүй алдагдалд усанд усны нөөц ашигласны төлбөр ногдуулах үндэслэлгүй” гэж маргав.

            “ЭУ” компани нь “ЭҮ” компаниас 2017-2019 онд хэмжих нэгжээр хүлээн авсан усны 44-45 хувийг хэрэглэгчдэд борлуулж, 55-56 хувийг алдагдал ус буюу хэрэглэгчдэд борлуулаагүй алдагдал ус гэж тооцсон байна. 

Усны алдагдал нь шугам сүлжээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээний үед, шугам сүлжээний гэнэтийн гэмтлийн үед, галын усны хэрэглээ, усан сан цэвэрлэх, угаах, усан оргилуурт зарцуулсан ус гэх зэрэг шалтгаануудаар үүсдэг ч тус компани нь алдагдлыг тухайн шугамын диаметр, урт, ус зарцуулалтын хугацаа зэргийг харьцуулан бодит алдагдлыг мэргэжлийн түвшинд бодитой тооцоогүй, “ЭҮ” компаниас хэмжих нэгжээр хүлээн авсан усны хэмжээнээс хэрэглэгчдэд борлуулсан усны хэмжээг хасаж, зөрүүг “алдагдал” гэж шууд тооцож байгаа нь усны алдагдлыг тооцох бодит үзүүлэлт биш, татварын ногдох зүйлийн тоо хэмжээг үндэслэлгүйгээр бууруулсан гэх үндэслэл болно гэж шүүх дүгнэсэн. 

“ЭУ” компани нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр байгалийн баялаг буюу усыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулж, ашиг олох зорилгоор ашигладаг “ус ашиглагч” тул усны нөөц ашигласны төлбөр төлөгч байна.

             Иймд усны алдагдлыг тодорхой хэмжээнд байхыг зөвшөөрдөг ч зохих хэмжээнээс илүү хэмжээгээр алдагдал үүсгэж байгаа нь байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах үүрэг зөрчигдөж байгаа нэг хэлбэр байх тул зөвшөөрөгдөх алдагдал 25 хувь, хүн амын ундны усны хэрэглээг татвар ногдох зүйлийн тоо хэмжээнээс хасаж, үлдэгдэл усанд усны нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулж, торгууль,алданги тооцсон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

    Хураангуйг бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00