Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Бүлэглэж, олон тооны мал хулгайлсан шүүгдэгч нарт хорих ял оногдуулав

 

         

            Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/313

          Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэн, шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон.

          2023.02.08. шийдвэрийн хураангуй №2

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

          Иргэн Болдоо, Батаа нар иргэн Мээдээтэй бүлэглэн, бусдын 32 тооны адууг, мөн иргэн Баагийтай бүлэглэн, бусдын 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Орхон аймгийн хяналтын прокуророос;

          -иргэн Болдоог, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

          -иргэн Батаа, Мээдээ нарыг гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, Болдоотой бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлж, 37.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

          -иргэн Болдоог, Батаа, Баагий нарыг бүлэглэн,бусдын 4 тооны бод буюу олон тооны мал хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

          -иргэн Баагийг, бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

          Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байх ёстой.” гэж заасан ба бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүй авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

          Эрүүгийн хуульд, найман бог эсхүл хоёр бод, түүнээс дээш мал хулгайлсныг “олон тооны мал” гэж,

          -гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн нэгдэж үйлдсэнийг “бүлэглэн гүйцэтгэх” гэж,

          -хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмуудыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор ашигласныг “машин механизм ашиглах” гэж тус тус тодорхойлсон ба эдгээр шинжүүдийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл гэж тодорхойлсон.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид бүлэглэж, машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

          -мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг албадан хураан авч улсын орлогод оруулахаар, хэрэв уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа болох нь тогтоогдвол эрх бүхий байгууллагын үнэлгээгээр тогтоосон үнийг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулахаар заасан.

          Анхан шатны шүүх, шүүгдэгч Болдоо, Батаа, Баагий нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд;

          Болдоог “гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн, 

          Батааг “бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн,  

          Баагийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, мөн бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          шүүгдэгч Болдоо, Батаа нарт тус бүр 7 жилийн хугацаагаар хорих ял, Баагийд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA Bongo-3” загварын ачааны тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 9.848.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэж,  

          шүүгдэгч Мээдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоон, шүүхэд ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалган,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

          Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

          Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос https://shuukh.mn

 

 

                                                                                Хураангуй бэлтгэсэн:

                                                                          Орхон аймаг дахь сум дундын

                                                                          Эрүүгийн хэргийн анхан шатны 

                                                                           шүүхийн шүүгч Г.ЭНХТУНГАЛАГ

                                                                         

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00