Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Өсвөр насны хүүхдүүд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нэгэндээ хүнд гэмтэл учруулсан хэргийг шийдвэрлэв

         

          Шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/44

          Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

          2023.03.28 Шийдвэрийн хураангуй №3

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Өсвөр насны шүүгдэгч С нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт “Урам” хүнсний дэлгүүрийн гадна  насанд хүрээгүй хохирогч Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж  улмаар гараараа нүүрэн хэсэгт нь цохих, нүүрэнд нь өвдөглөх, нарны халхавчаар нүүрэн тус газар нь цохих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь гавлын дух ясны баруун талын цөмөрсөн хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний ухархайн хананы хугарал, нүдний алимны доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шуу, баруун тохойд 2 тооны зулгаралт бүхий хүнд гэмтэл хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналт прокурор шүүгдэгч С-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлж, албадлагын арга хэмжээ оногдуулж болохоор хуульчилсан.

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохиролыг нөхөн төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзахаас гадна,

Эрүүгийн хуульд, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах...д чиглэнэ гэснийг үндэслэн ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ буюу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж түүнд оногдуулсан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эхэд тус тус даалгахаар шийдвэрлэжээ.

Шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг шүүгдэгч биелүүлэхээс зайлсхийвэл шүүх, прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг мэдэгдсэн байна.

Хураангуй бичсэн: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00