Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдлоо хянуулаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахгүй

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүгчийн захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүгчийн захиармжийн дугаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 119/ШЗ2024/0108 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

     “А” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэс, Хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын хяналт шалгалтын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн НА-20210000053 дугаартай “Татварын нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол:”,

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас  хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй.”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байдаг гэсэн хуулийн заалтын дагуу Маргаан таслах зөвлөлд  хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзсэн.

Иймээс Татварын ерөнхий хуульд татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах талаар тусгайлан зохицуулсан, хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргагч “А” ХХК  татварын улсын байцаагч нарын татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг өмнө нь шүүх хүлээн авахаас татгалзсан зэргээс дүгнээд шүүхэд нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

Учир нь нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдлоо Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гарган урьдчилан шийдвэрлүүлсэний дараа уг шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. 

Нэхэмжлэгч нар нь уг захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад, гомдлыг хангаагүй.

 

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00