Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Бага насны хүүхдийг зодож гэмтэл учруулсан цэцэрлэгийн багшид ял оногдуулав

 

            Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/405 

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй 

            2023.1.10.шийдвэрийн хураангуй №01 

 Иргэн О нь Орхон аймгийн хувийн нэгэн цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа 1 нас 4 сартай Д-г өдрийн унтлагын цагаар унтуулах үедээ гарынхаа алгаар нүүр толгой хэсэгт нь алгадаж, биеийг нь чимхэн зодож биед нь баруун болон зүүн хацар, баруун гуя, нуруу баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор иргэн О-г “хохирогчийг бага насны болохыг мэдсээр байж хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, О-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэггүй байдлыг харгалзан үзжээ.

Эрүүгийн хуульд заахдаа “хохирогчийг бага насны болохыг мэдсээр байж” биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр заасан бөгөөд оногдуулах эрүүгийн хариуцлагыг тодорхойлохдоо“...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тогтоосноос шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шүүгдэгчид оногдуулсан байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялын агуулгыг Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар, шүүгдэгчийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал, мэргэжлийн төлөвшил хангалтгүй, тухайн нөхцөл байдалд хандах хувь хүний сэтгэл зүйн байдал, өөрийгөө жолоодох чадвар нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. 

       Шүүхийн шийдвэрийн бүрэн эхийг үзэх цахим холбоос:www.shuukh.mn

 

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00