Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авах нь гэмт хэрэг болно
Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 01 /14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Иргэн Т-г нэр бүхий хохирогч нарыг хуурч 104.670.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, дээрх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Т болон түүний өмгөөлөгч О нарын гаргасан... хорих ялыг багасгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх шүүгдэгч Б-н гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Т нь хохирогч нарт “ ... үйлдвэрт инженерээр ажилладаг, зээл чөлөөлүүлэх гэсэн юм, тендерт шалгарсан, үлдэгдэл материалаа авах гэсэн юм, мөнгийг чинь эргэлдүүлж хүүтэй өсгөж өгнө , байраа зараад мөнгийг чинь өгнө , Улаанбаатар хотоос ирсэн хүмүүст машинаар үйлчлэх хэрэгтэй байна, өдрийн түрээсийг нь өгнө” гэх зэргээр хуурч мэхлэн бусдын итгэлийг төрүүлэн залилж их хэмжээний хохирол учруулсан байна.
Хуульд зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү бөгөөд 50.000 нэгжтэй тэнцэх буюу 50.000.000 /тавин сая/ төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол их хэмжээний хохирол учруулсан гэж үздэг.
Бусдыг залилах гэмт хэргийн хохирогч хууртагдан итгэсэн учраас гэмт этгээдэд мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгаатай.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/16575?daterange=2023/01/01%20%202023/03/09%20&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 9 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 9 Долоо хоногт
- 388 Сүүлийн сард
- 92512 Нийт хандалт