Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн хүмүүст ял оногдуулав

  Бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн хүмүүст ял оногдуулав

Шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/342

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.11.14.шийдвэрийн хураангуй №03

      Иргэн Г.Н, Ж.М, Б.С нар найзууд. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б гэх найз нь Завхан аймгаас ирсэн тул уулзацгааж байтал Г.Н нь хөдөө ээжийнх рүүгээ явж түлээний мод бэлтгэх шаардлагатай болсон тул хамт явцгаасан. Б.С-ын эзэмшлийн Бонго маркийн машинтай ууланд гарч Г.Н нь ургаа мод хөрөөдөж унагаж бусад нь хамт ачилцсан байна. Г.Н-ийн ээж түлээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан ба гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, байгаль орчинд 595,858 төгрөгийн шууд хохирол учруулжээ.

     Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, иргэн Г.Н, Ж.М, Б.С, Б.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль бусаар 34 ширхэг буюу 3,53м куб хуурай шинэс мод зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 595,858 төгрөгний хохирол учруулж, Б.С-ын Киа Бонго авто машинд ачиж гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

     Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Г.Н, Ж.М, Б.С, Б.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль бусаар 3,53м куб хуурай шинэс мод зөвшөөрөлгүй бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулжээ.

       Эрүүгийн хуульд хүндрүүлэх шинжтэй хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт оногдуулах ялыг“...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан боловч, шүүх эрүүгийн хариуцлага сонгож оногдуулахдаа шүүгдэгч нарын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, хэргийн оролцоо, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзсэн байна.

 

     Түүнчлэн шүүх, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчинд учирсан хохирлыг 3 нугалж төлүүлэх журмын дагуу Улсын байцаагчийн тавьсан актыг үндэслэж 1,784,574 төгрөгийг, хэргийн оролцоог харгалзан машины эзэн Б.С, санаачилж, мод хөрөөдөж унагасан Г.Н нараар хуваан төлүүлж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар зааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох Эрүүгийн хуульд заасан журмын дагуу Б.С-ын эзэмшлийн 11,000,000 төгрөгний үнэ бүхий Киа Бонго автомашины үнээс Б.С-ын төлөх 893,787 төгрөгний төлбөрийг тооцож, илүү гарсан хэсгийг болон ашигласан цахилгаан хөрөөг улсын орлогод оруулахаар зааж шийдвэрлэжээ.

 

         САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэр болно

Шүүхийн шийдвэрийн бүрэн эхийг үзэх цахим холбоос:www.shuukh.mn

 

                             Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны

                                                               шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00