Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч С.Уранчимэг
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНОГДУУЛАХАД
АНХААРАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Шийдвэрийн дугаар 2025 оны 01 дүгээр сарын 08 / 01
Шийдвэрийн төлөв Хүчин төгөлдөр
Шийдвэрийн хураангуй Дугаар
А.Б нь хамтран амьдрагч О.С-ын гэрт түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял буюу “Өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягт заагдсан газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн тодорхой хугацаагаар явахыг хориглох ял юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ хамтран амьдрагч О.С-ын гэрт амьдарч байсан бөгөөд тэрээр Булган аймгийн Булган сумын ... дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй, өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас Булган аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байдаг, мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авдаг болох нь тус тус тогтоогдсон болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч А.Б-гийн хувийн /эрүүл мэнд/ байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/21308?daterange=2025-01-01%20-%202025-03-25&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч С.Уранчимэг