Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт энэ сарын 23, 24-ний өдөр болсон билээ. Сургалтад оролцож шүүхийн эрх зүйгээр мэргэшсэн сэтгүүлчид ийнхүү ярьж байна. 

 

А.Баярмаа: Ахисан түвшинд мэдээлэл бэлтгэх боломжтой боллоо

 

"Dorgio.mn” сайтын сэтгүүлч А.Баярмаа: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг сургалтад дөрөв дэх удаагаа хамрагдлаа. Шинээр батлагдсан Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, шүүхийн практик зэргийн хууль эрх зүйн зохицуулалт, сэтгүүлчдийн мэддэггүй нарийн асуудлуудыг энэ удаагийн сургалтаас ойлгож авлаа. Цаашид ч энэхүү сургалтад суух сонирхолтой байгаа учраас жил бүр зохион байгуулаарай гэж зохион байгуулагчдад уламжилмаар байна. Энэ жилийн сургалтын тухайд шүүгч нар шүүхийн практикийг тайлбарлаж өгч байгаагаараа онцлог байлаа. Сэтгүүлчдийн зүгээс шүүгч нарыг маш их хаалттай хүмүүс гэж ойлгодог. Гэтэл бид бүхэнд бодит кейс дээр тулгуурлан сургалт, мэдээлэл өгснөөр хоорондын үл ойлголцол, хардлага арилсан. Ахисан түвшинд мэдээ мэдээлэл, нийтлэл бэлтгэх боломжтой боллоо. Хуулийг мэргэжлийн бус хүн уншаад ойлгох, шүүгч тайлбарлаж өгөх өөр байдаг юм байна гэдгийг маш сайн ойлголоо.

Б.Даваасүрэн: Шүүхийн эрх зүйгээр мэргэших боломжийг олголоо

 

"Монгол HD” телевизийн сэтгүүлч Б.Даваасүрэн: Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг сургалтад суух боломж олддог байсан ч ажлын цаг зав бага учраас хамрагдаж чаддаггүй байсан. Энэ удаад зорин байж оролцлоо. Зөв сургалтад цагаа зарцуулсандаа баяртай байна. Учир нь бид өмнө нь шүүхийн холбогдох хүмүүсээс ярилцлага авч байсан ч хичээлд нь сууж үзээгүй. Бид бүхний амьдрал, практикт хэрэгжүүлэх боломжтой ч мэддэггүй байсан зүйлүүдийг маш сайн тайлбарлаж зааж өгсөн тул цаашдаа хэрэгжүүлэх боломжтой санагдлаа. Ийм сургалтад удаа дараа суувал Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч гэдэг үнэмлэхтэй болдог нь бид бүхэнд энэ чиглэлээр цаашид дагнан ажиллах боломжийг олгодог. Манай телевиз цөөхөн сэтгүүлчтэй тул энэ чиглэлээр дагнан ажиллах боломжгүй байдаг. Бүхий л чиглэлээр ажилладаг. Би улс төр, нийгмийн асуудлаар ажилладаг. Цаашид Шүүхийн эрхзүйгээр мэргэшиж ажиллахад дөхөм боллоо гэж үзэж байна.

Т.Баярбат: Мэдээллээ мэдлэг болгож авав

"The UB Post” сэтгүүлийн сэтгүүлч Т.Баярбат: "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад анх удаа сууж байна. Өөрт байсан олон төрлийн мэдээллээ мэдлэг болгож авсан чухал сургалт байлаа. Сургалтыг зохион байгуулж байгаа арга хэлбэр маш их таалагдаж байна. Сургалтын илтгэгч багш нар өндөр мэдлэг чадвартай, туршлагатай хүмүүс байгаа нь үнэхээр таалагдлаа. Аливаа асуудлыг бодит жишээгээр тайлбарлаж байгаа нь маш их хүртээмжтэй, ойлгомжтой байна.

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй танилцлаа. Сургалтад оролцсондоо баяртай байна. Дараа дараагийн сургалтад хамрагдах хүсэлтэй байна.

Б.Ариунтуул: Иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулж байгаа хэлбэр 

 

"Тug.mn” сайтын сэтгүүлч Б.Ариунтуул: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр сэтгүүлчдэд зориулж эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, мөн сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Манай улсад сэтгүүлчдийн эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай. Мэдээллийн эх сурвалжийг хэрхэн хамгаалах, эрх зүйн хэм хэмжээг ойлгуулж өгдөг маш их ач холбогдолтой, өргөн хүрээг хамарсан сургалт гэж ойлгодог. Би гуравдахь удаагаа энэхүү сургалтад суулаа. Жилээс жилд сургалтыг зохион байгуулахдаа хөтөлбөрийг сонирхолтой болгож байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудыг сэтгүүлчдэд илүү дэлгэрэнгүй заалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөрчлөлт буюу процессын хуулиар сэтгүүлчдэд гэмт хэргийг мэдээлэхдээ хэрхэн, ямар өнцгөөс мэдээлж, өөрийн эрхийг хамгаалах боломжтой вэ гэдгийг маш сайн таниулж өглөө.

Шүүх илүү нээлттэй болсон байна. Статистикаас харахад гэмт хэргийн гаралт ихэссэн байна. Мэдээллийг зөв өнцгөөс үнэн бодитой хүргэхийн тулд сэтгүүлчдэд зайлшгүй хэрэгцээтэй сургалт гэж ойлгож байна.

Нөгөө талдаа сэтгүүлч бол иргэдэд мэдээллийг хүргэх гүүр. Тиймээс энэ сургалт иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулж байгаа нэг хэлбэр юм. 

Д.Бат-Орших: Хуулийн өөрчлөлтүүдийн талаар мэдлээ

 

Монголын Үндэсний радиогийн сэтгүүлч Д.Бат-Орших: "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад гурав дахь удаагаа хамрагдаж байна. Хууль байнга шинэчлэгдэн, өөрчлөгдөж байдаг. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар зааж байгаа нь их ач холбогдолтой байна. Бид хэдийгээр цаг үргэлж мэдээллийн дунд байдаг ч хуульд орж байгаа өөрчлөлтүүдийг тэр бүр мэддэггүй. Энэ удаагийн сургалтаас олон зүйлийг тодорхой мэдэж авлаа. Тухайлбал анхан шатны шүүх гэм буруутай эсэхийг эхлээд тогтоож, түүний дараа тухайн этгээдийг торгох эсэхийг шийдвэрлэж, мөн шүүгдэгч өөрөө завсарлага авч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсны дараа хүлээх хариуцлагаас тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөх гэх мэт асуудлыг заалаа. Энэ нь иргэдэд мэдээллийг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой.

Б.Соёл-Эрдэнэ: Сэтгүүлчдийг аварсан сургалт боллоо

 

Орхон аймаг "Номин телевиз” сэтгүүлч Б.Соёл-Эрдэнэ: Энэ удаагийн "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалтад Эрдэнэтээс ирж оролцож байна. Юуны өмнө ийм сайхан сургалт зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээллийн хэлтсийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хууль эрх зүйн олон талын мэдээ, мэдлэг олгосон энэ сургалтаар олж авсан зүйлээ хэрэгжүүлж ажиллах хүсэл их оргилж байна. Олон сайхан эрдэмтэн багш нараар мэргэжлийн түвшинд хичээл заалгаж, үлдэц нь арвин байсанд баяртай байна.

 

Товчхондоо мэдээллийг буруу түгээж хуулийн хариуцлагын талаар яригдахаас биднийг аварсан сургалт боллоо гэж ойлголоо.

Г.Баярчимэг: Орон нутгийн сэтгүүлчдийг олноор нь оролцуулаасай

Дархан-Уул аймаг "ЛХА Телевиз” сэтгүүлч Г.Баярчимэг: "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад 2 дахь жилдээ хамрагдаж байна. Сэтгүүлч бидэнд энэ сургалт маш үр өгөөжтэй, хүлээж байдаг сургалтын нэг байдаг. Хуулийн мэргэжлийн үг хэллэг хэрэглэж мэдээ мэдээллээ иргэдэд хүргэх чухал гэдгийг улам бүр мэдэрч байна. Нийслэл дэх шүүхүүдэд олон нийттэй харилцах мэргэжилтнүүд ажиллаж сургалтад хамрагдаж байгаа нь маш хэрэгтэй гэж ойлгодог. Харин орон нутгийн шүүхүүдэд хэвлэл мэдээлэл хариуцаж ажилладаг хүмүүсийг энэ сургалтад өргөн хамруулах нь зүйтэй гэж бодож байна.

М.Гэрэлтуяа: Хууль иргэнийг хамгаалах боломж гэдгийг ойлгуулахын төлөө ажиллана

 

Багануур дүүргийн "Багануур ньюс” сонины сэтгүүлч М.Гэрэлтуяа: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалтад хамрагдсандаа баяртай байна. Миний хувьд орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд мэдэхгүйгээсээ болж алдаж оносон зүйл олон байгаа. 2014 оноос "Багануур ньюс” сониныг үүсгэн байгуулж, гаргаж байна. Энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллийг өөрийнхөө өдөр тутмын ажилд хэрэгжүүлж хууль бол хэн бүхнийг хамгаалах боломж гэдгийг харуулахын төлөө хичээх болноо. Сүүлийн жилүүдэд хийгдсэн шүүхийн шинэчлэлийн талаар дүүргийнхээ Шүүхийн тамгын газраас тогтмол мэдээлэл авч, орон нутгийнхаа иргэдэд хүргэсээр ирсэн. Хамтран ажиллаж нээлттэй, ил тод шүүхийн үйл ажиллагааг сурталчилдаг Б.Эрдэнэбаяр даргатай Багануур дүүргийн шүүхийн тамгын газарт талархал илэрхийлье. Сургалт бүхэлдээ маш сонирхолтой байлаа. Хүний эрхийн зөрчил ба хэвлэл мэдээлэл, иргэний нэр, нэр төр, алдар хүндийг хамгаалах тухай кейс гээд сонирхол татсан, лавшруулан судлах зүйлүүд багагүй байлаа. Цаашид энэхүү сургалтад дахин хамрагдаж иргэдийн мэдэх эрх хийгээд хуулийн талаарх мэдлэгээ дээшлүүүлэхийг хүсч байна. 7 удаагийн сургалтаар маш олон сэтгүүлч хууль шүүхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн байх. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлж олон сэтгүүлчдэд, сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд хууль бол боломж, хамгаалалт гэдгийг ойлгуулаасай хэмээн хүсч байна. Шүүх банк 2 олон нийтийн итгэл дээр тогтдог байгууллага. Шударга, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн шүүх засаглалыг бий болгоход хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн үүрэг маш их шүү.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00