Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

 

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа “Шүүхийн үйлчилгээ, шүүхийн байрны нөхцөл байдал” сэдвээр, Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу www.live.shuukh.mn цахим хуудасны танилцуулга сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

 

 

   

    Мөн Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар Монгол Улсын шүүхийн 2020 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг 45 хэвлэл мэдээллийн байгууллагын 60 гаруй сэтгүүлч сурвалжиллаа.

Монгол Улсын шүүхийн 2020 оны III улирлын

     шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ   

                                            

     Монгол Улсын шүүх 2020 оны 3 дугаар улиралд 61104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс анхан шатны шүүхүүд эрүүгийн 10827, иргэний 41903, захиргааны 1120 хэрэг нийт 53850 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 16635 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 10701 хүн, 3 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 729 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1085 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1543 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

     Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 729 хэргээр буюу 7.2 хувиар, иргэний хэрэг 11402 хэргээр буюу 37.4 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 60 хэргээр буюу 5.1 хувиар буурсан байна.

     Давж заалдах шатны шүүх 2020 оны 3 дугаар улиралд эрүүгийн 2122, зөрчлийн 284, иргэний 2751, захиргааны 983 хэрэг, нийт 6140 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

     Хяналтын шатны шүүх 2020 оны 3 дугаар улиралд эрүүгийн 495, иргэний 567, захиргааны 336 хэрэг нийт 1398 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1562 хуралдаанд 1573 иргэдийн төлөөлөгч оролцжээ. 

А. Эрүүгийн хэрэг, зөрчил

Монгол Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.5 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 10704 хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэсний 10701 нь хүн, 3 нь хуулийн этгээд байна. 1789 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, залилах, мал хулгайлах,  мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хахуул авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • хүнийг алах гэмт хэрэг 25 хэргээр буюу 14.5 хувиар,
  • хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 28 хэргээр буюу 10.0 хувиар,
  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 10.3 хувиар,
  • хүчиндэх гэмт 18 хэргээр буюу 6.4 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 20.8 хувиар,
  • залилах гэмт хэрэг 144 хэргээр буюу 30.3 хувиар,
  • мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 46.8 хувиар,
  • эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 30 хэргээр буюу 2.6 дахин,
  • хахууль авах гэмт хэрэг 10 хэргээр буюу 55.6 хувиар,
  • хахууль өгөх гэмт хэрэг 12 хэргээр буюу 12 дахин,
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 4 дахин,
  • хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 160 хэргээр буюу 87.4 хувиар тус тус өссөн байна.

 

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав

Үүнд:

  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 25 хэргээр буюу 3.0 хувиар,
  • олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 48.3 хувиар,
  • үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7 хэргээр буюу 35 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 50 хэргээр буюу 18.7 хувиар,
  • улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 16 хэргээр буюу 32.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 5949 хүн, 3 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1901 хүн, хорих ялаар 2851 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 1.7 хувиар буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.7 хувиар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 25.1 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 5949 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 7 тэрбум 434 сая 442 мянга 290 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 45.7 хувиар нэмэгдсэн байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо өсөв

Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улиралд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 41 хүнээр буюу 2.8 хувиар буурсан бол цагдан хорихоос татгалзсан хүний тоо 16 хүнээр буюу 5.9 хувиар өссөн байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 28 хүнээр буюу 16.8 хувиар буурсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 110 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 20 хүн буюу 15.4 хувиар буурсан байна. 

 

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2020 онд харьяаллын дагуу зөрчлийн 16635 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 686 шийдвэрийг хянасан байна. 5 хуулийн этгээд, 2086 хүнд торгох шийтгэл, 14411 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 374 зөрчлийг хянан шийдвэрлэж 200 хэрэгт буюу 53.5 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 82 зөрчлийн хэрэгт буюу 21.9 хувьд нь өөрчлөлт оруулж, 92 хэрэгт буюу 24.6 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

 

Б. Иргэний хэрэг

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсөв.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11402 хэрэг буюу 37.4 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 1961 хэргээр буюу 56.3 хувиар, зээлийн гэрээтэй холбоотой маргаан 1331 хэргээр буюу 40.4 хувиар, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 1100 хэргээр буюу 2 дахин, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 1077 хэргээр буюу 2.4 дахин, ажилласан жил тогтоох маргаан 3781 хэргээр буюу 68.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 387 хэргээр буюу 16.4 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 437 хэргээр буюу 43.5 хувиар буурсан байна. 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 22.8 хувиар бууруулав.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 10952 өргөдлийг шийдвэрлэж 8266 буюу 75.5 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2866  буюу 24.5 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

В. Захиргааны хэрэг

 

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 3.6  хувиар өсөв.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 60 хэрэг буюу 5.1 хувиар буурсан байна. Газрын маргаан 2 хэргээр буюу 0,8 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 78 хэргээр буюу 2 дахин, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 13 хэргээр буюу 68.4 хувиар, тендерийн маргаан 16 хэргээр буюу 35.6 хувиар тус тус өссөн бол төрийн албаны маргаан 57 хэргээр буюу 28.8 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 36 хэргээр 31.6 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 32 хэргээр буюу 60.4 хувиар, татварын маргаан 3 хэргээр буюу 5.4 хувиар тус тус буурсан.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 74 хэргээр буюу 8.1 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 70 хэргээр буюу 26.3 хувиар тус тус өссөн байна.

 

 

 

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шүүхийн үйл ажиллагааны олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд шууд мэдээлэх боломж бүхий “Цахим шүүх хуралдааны систем”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулан бүх шатны шүүхийн үйл ажиллагаанд 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс нэвтрүүллээ.

            Цахим шүүх хуралдааны системд хэргийн оролцогч ямар нэг бүртгэлгүйгээр нэвтрэн шүүх хуралдааны товын мэдээг авах боломжтой. Иргэд, олон нийтийн хувьд www.live.shuukh.mn линкээр орж, шүүх, огноо, хурлын танхимыг сонгож, шууд явагдаж буй болон дууссан шүүх хуралдааны мэдээллийг товч байдлаар хүлээн авах боломжтой юм.

Шүүхийн хуралдааны цахим системээс дараах төрлийн мэдээллийг харах боломжтой.

Үүнд:

  1. Шүүхийн мэдээлэл /Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд харагдах боломжтой./

Анхан болон давж заалдах шатны журмаар тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын огноо, дугаар

 

  1. Шүүх хуралдааны мэдээлэл /Товлон зарласан шүүх хуралдааны мэдээлэл/

Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний мэдээлэл, Хэргийн оролцогчдын мэдээлэл /нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  яллагдагч, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор/, Маргааны төрөл, хэргийн зүйчлэлийн мэдээлэл, Шүүх хуралдааны товлон зарласан товын мэдээлэл /огноо, цаг, минут/, Шүүх хуралдаан товлон зарласан танхимын мэдээлэл

  1. Шүүх хуралдааны явцын мэдээлэл /Тухайн шүүх хуралдаан ямар шатанд явагдаж байгаа мэдээлэл/

Тухайлбал: Шүүх хуралдаан зарласан, шүүх хуралдаан үргэлжилж байна, шүүх хуралдаан завсарласан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна, шүүх хуралдаан хүлээгдэж байна, шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдаан дууссан гэх мэт.

 

Уг систем нь хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг түргэн шуурхай мэдээлэхээс гадна цуглуулсан дата /мэдээлэл/-д үндэслэн шүүх хуралдааны хойшлогдсон шалтгаан болон холбогдох судалгааг нэгтгэн боловсруулах ач холбогдолтой юм.

 

Хэвлэлийн бага хурлаар танилцуулсан мэдээллийн файлыг эндээс үзнэ үү.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Хэрэгцээт веб линк