Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч С.Уранчимэг
ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ
Шийдвэрийн дугаар 2025 оны 01 дүгээр сарын 29 / 06
Шийдвэрийн төлөв Хүчин төгөлдөр
Шийдвэрийн хураангуй Дугаар
А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Б-г зодож, түүний эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх А.Г-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгч “ ... ялыг хөнгөрүүлж өгнө үү ... ” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгагдсан.
Дээр дурьдсан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлт /хэргийн зүйлчлэл/-ийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдлыг хамааруулж ойлгоно.
Анхан шатны шүүх “ ... шүүгдэгч үйлдсэн гэмт үйлдлийнхээ гэм бурууг хүлээгээгүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй ... “ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэж үзвэл шүүгдэгч А.Г-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/21446?daterange=2025-01-01%20-%202025-03-25&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч С.Уранчимэг