Хураангуй бэлтгэсэн:
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.13-ны өдрийн 207/МА2025/00020
Тоймын дугаар, огноо: 2025-05-27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Хүсэлт гаргагч Э.Ё гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түдгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87,044,283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулж тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69,482,509 төгрөг, эрүүл мэндийн ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6,531,942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг, нийт 102,076,225 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр шаардаж нэхэмжлэл гаргасан.
Прокурор шүүхэд “…нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүсээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн ба 45.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт .... эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ял, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэг буюу хохирол нөхөн төлүүлэх үндэслэлд хамаарахгүй гэж заасан.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
Анхан шатны шүүх: Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 102,076,225 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Э.Ё-д олгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх … тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон бол хохирол нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсэхгүй гэж,
түүнчлэн хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролд хамаарахгүй гэж тус тус дүгнэн Төрөөс хүсэлт гаргагчийн цалин, хөлс 7,038,294 төгрөг, тэтгэмж 6,531,942 төгрөг, нийт 13,570,236 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч Э.Ё-д олгож, хүсэлтийн шаардлагаас цалин болон өмгөөлөгчийн хөлсөнд тооцож нэхэмжилсэн нийт 88,505,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Давж заалдах шатны шүүхийн магадлал: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Тойм бэлтгэсэн: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА