Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд
хүнд хохирол учруулах
Шийдвэрийн дугаар: 2023 оны 05 дүгээр сарын 03 /33
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Орхон аймгийн прокурорын газраас Г.Ж-ыг зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Г.Ж-н үйлдлийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой.
Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан буюу тухайн хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдлээр гутаах нь хүндээр доромжилсон үйлдэл юм.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ... зарчмыг баримтлан хохирогч Ж.Г-н хууль бус, зүй бус үйлдлийн улмаас Г.Ж-г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийн хүзүүний зүүн хажууд хутгалж, гүрээний судсыг гэмтээснээс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл Г.Ж-г зэвсгийн чанартай зүйл болох хутгыг урьдаас бэлтгэж хэрэглээгүй, харин хохирогчийн доромжлол, хутга барьж өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ ална гэсэн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хохирогчид гэмтэл учруулсныг зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/16974?daterange=2023-01-01%20-%202023-05-10&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 2 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 2 Долоо хоногт
- 381 Сүүлийн сард
- 92505 Нийт хандалт